Хөвсгөл аймгийн Галт сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Галт сумын ИТХ

Сумын танилцуулга


нийт 1

Хөвсгөл аймгийн Галт сумын танилцуулга

2023-02-01 50
Хөвсгөл аймгийн Галт сум нь 1924 онд Цэцэрлэг мандал уулын аймгийн Чандмань Өлзийт далайн хошууны Салбарт сум нэртэй байгуулагджээ. 1924 оны хавраас сумдыг шинэчлэн зохион байгуулахад одоогийн Галт сумын нутагт Рашаант, Бумбат, Мандах, Цогт уул, Баянцагаан, Хайрхан зэрэг олон жижиг сумд харьяалагддаг байсан. 1931 онд Архангай аймгийг 35 сумтайгаар зохион байгуулж, олон жижиг сумдыг нэгтгэн Идэр гол сум, Баянзүрх сум болгожээ. 1932 онд Архангай аймгийн Идэр гол сумыг Идэр сум, Баянзүрх сумыг Зүрх сум гэж нэрлэсэн. Улсын бага хурлын 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор Хөвсгөл аймагт 4 сум шилжүүлсний дотор Идэр сум, Зүрх сумд багтсан юм. Тэр үед Идэр сум нь 7 баг, 700 орчим өрх, 2000 гаруй хүн ам, 60.5 мянган малтай, Зүрх сум 8 баг 824 өрх, 2500 хүн ам, 70.1 мянган малтай байжээ. 1957 онд Идэр сумыг Шинэ-Чандмань сумтай нийлүүлэн Шинэ-Идэр сумыг байгуулсан. 1959 онд Шинэ-Идэр сумаас буцааж таслан Галт сумыг байгуулжээ. 1962 онд Зүрх сумыг Галт сумтай нэгтгэж, одоогийн газар нутгийн хэмжээгээр Галт сум байгуулагдсан. БАЙГАЛЬ, ГАЗАР ЗҮЙН БАЙРШИЛ, ОНЦЛОГ Галт сум 359.7 мянган га газар нутагтай. Хөвсгөл аймгийн нутгийн өмнөд, зүүн өмнөд хэсэгт Улаанбаатар хотоос 946 км, аймгийн төв Мөрөнгөөс 167 км зайд оршдог. Урд талаараа Архангай аймгийн Тариат, баруун талаараа Хөвсгөл аймгийн Жаргалант, хойд талаараа Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Төмөрбулаг сумдтай, зүүн хойд талаараа Архангай аймгийн Цэцэрлэг сумтай, зүүн талаараа Архангай аймгийн Жаргалант сумдтай тус тус хил залгадаг. Галт сум нь Тарвагатайн нурууны салбар уулсын хойд хэсэг, Идэр, Чулуутын голын сав газарт, хангайн уулархаг мужид байрладаг, байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутагтай. Нутгийн өмнөд, баруун өмнөд, зүүн хойд хэсгээр ой модтой бөгөөд хуш, шинэс, бургас, улиас, хус, гацуур мод ургана. Мөн нэрс, үхрийн нүд, хад, аньс, улаалзгана, бөөрөлзгөнө зэрэг жимс, жимсгэнэ, самар, мөөг, сонгино, сэвэлгэнэ, хүнхээл, халиар зэрэг хүнсний ургамал, цээнэ, гандигаар, согоон сум, хөх ба шар дэгд, манжингарав, таван салаа, сөд, тарваган шийр зэрэг эмийн ургамал ургадаг. Буга, гөрөөс, гахай, чоно, үнэг, дорго, шилүүс, хэрэм, жирх, тарвага зэрэг амьтадтай, Идэр, Чулуут, Харцат, Салбарт, Галт, Устын голуудад хун, галуу, ангир, тогоруу, нугас зэрэг усны шувууд, ой мод тал хээр, хадан цохиодод нь тас, ёл, бүргэд, харцага, элээ, тоншуул, чогчиго, шар шувуу, шаазгай, болжмор, тагтаа шувууд нүүдлээр болон суурин амьдардаг байна. Тус сумын нутагт Халуун усны, Олон булагийн, Хөх давааны, Их биеийн зэрэг халуун, хүйтэн рашаан оргилон байх бөгөөд нутгийн иргэд өвчин хуучаа илааршуулахад олон зууны турш эдгээр рашааныг хэрэглэсээр иржээ. ГАЛТ СУМЫН ЗАРИМ ОНЦЛОГ Галт сум бол оюунлаг, авьяаслаг хүмүүсийн өлгий нутаг билээ. Галт сумын 100 жилийн түүхэнд Монгол улсын хөдөлмөрийн баатар 5, Монгол улсын гавьяат цолтон 32, Төрийн шагналтан 1, Ардын их хурлын депутат 6, УИХ-ын гишүүн 2, Төрийн сайд, дэд сайд 4, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн 4, Ардын хувсгалын партизан 3, эрдэмтэн доктор цолтон 30 орчим, Дэлхийн аварга тамирчин 4, Улсын аварга цолтон 18, Олон улсын хэмжээний мастер цолтон 14, улсын цолтой бөх 7 тус тус төрөн гарчээ. Үүнээс онцлон дурдахад Галт сумын малчдаас “Улсын аварга малчин” цолтон 17, “Улсын аварга саальчин” цолтон 1, “Алтан төлийн эзэн” цолтон 2, “Аймгийн аварга малчин” цолтон 92, “Сумын аварга малчин” цолтон 175 төрсөн байна. ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛУУД Галт сумын нутагт шинэ чулуун зэвсгийн үеийн хадны зураг, эртний дөрвөлжин булш, хиргисүүр, буган хөшөөд олноороо оршдог болно. Хүрэмт, Хавцгайт, Өвөр Өлт, Мухарын хадны зураг, Хөшөөтийн дэнжийн буган хөшөө, Нүхтийн дэнжийн буган хөшөө, Зүүн Хөөнгийн буган хөшөөд, Хөшөөтийн дэнжийн том хиргисүүрүүд, Нүхтэд байдаг Хүннүгийн 100 булш, Хорголын хүн чулуу, Хужиртын суварга зэрэг томоохон дурсгалууд орно. XYII зууны сүүл үеэс Бурхны шашин хүчтэй дэлгэрэхэд Галт сумын нутагт Хөөнгө, Хужирт, Мандах, Нарийны гэсэн 4 хүрээ, Бумбат, Улаан Чулуут, Дэрст булан, Бор бургасны, Тэлээгийн, Ширэнгэтийн зэрэг 7 сүм дуган, хурлын газар байгуулагдсан нь бүгд 1938 он хүртэл оршиж, шашин номын үйл ажиллагаагаа явуулж байжээ. Галт сумын бас нэг онцлог бол Далай Чойнхор вангийн хошууны дархны урлалын гол цөм нутаг билээ. Тус сумын Зүрх багийн нутагт хошууны ноёны санаачилга, оролцоотойгоор өөрийн хошууны болон бусад нутгийн шилдэг дархчуудыг өвлийн улиралд цуглуулан бие биеэсээ туршлага, ур чадвараа судлах, солилцох ажлыг олон жилийн туршид зохион байгуулж ирснээр тус газрыг 100 гаруй жилийн өмнөөс “Дархчуудын хясаа” хэмээн нэрлэх болсон. Галтын дархчуудаас ган урлалын нэрт мастер Г.Ерэнтэй, Жамбал нар Богд хааны өргөмжит дархан болж, нэр алдраа цуурайтуулсан бөгөөд тэдний гайхамшигт бүтээлүүд нь Үндэсний төв музей, Хөвсгөл, Архангай зэрэг аймгийн музейд хадгалагдаж байдаг юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%